Төрсний дараах үеийн сэтгэл гутрал

Төрсний дараах сэтгэл гутрал нь төрсөн эмэгтэйчүүдийн 13%-д тохиолддог бөгөөд өсвөр насны эхчүүдийн бараг 30%-д нь тохиолддог гэж үздэг. Төрсний дараах эхний сард сэтгэл зүйн тогтворгүй байдал, амархан уурлах, амархан гомдох, сэтгэлээр унах, шалтгаангүй гуниглах зэрэг шинж тэмдгүүд элбэг тохиолддог. Энэ нь хэдийгээр төрсөн ээжүүдэд тохиолдох хэвийн асуудал мэт боловч удаан хугацаагаар буюу 1 сараас дээш үргэлжлэх нь аюултай тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. 

ШАЛТГААН:

Одоогийн байдлаар төрсний дараах сэтгэлийн хямралыг үүсгэдэг шалтгаан тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч төрсний дараа эмэгтэй хүний ​​сэтгэл санаанд нөлөөлж болох олон янзын хүчин зүйлийг тодорхойлсон байдаг. Үүнд:

Сэтгэц нийгмийн хүчин зүйлс:

Жирэмсэн үеийн сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, стресст өртөх байдал нь хүүхэд төрсний дараах үед улам ихэсдэг байна. Тиймээс жирэмсний болон жирэмсний өмнөх үе шатанд нийгмийн дэмжлэг багатай байх, эсвэл жирэмсний болон төрөхөөс өмнө сэтгэлийн хямралтай байх нь төрсний дараах сэтгэл гутралд орох эрсдлийг нэмэгдүүлдэг ажээ.

Биологийн хүчин зүйлс:

Жирэмсэн болсон цагаас эхлэн эстроген дааврын хэмжээ буурч, прогестерон дааврын хэмжээ нэмэгддэг. Энэ байдал нь төрсний дараа ч үргэлжилсээр л байдаг. Прогестрерон даавар нь сэтгэл гутралыг нэмэгдүүлдэг нөлөөтэй байдаг ажээ. Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог аз жаргалын даавар гэж нэрлэгддэг серотонин болон норадреналины хэмжээ буурдаг. Серотонин дутагдах үед сэтгэл санаагаар унах, сэтгэл түгших, айдас, хоолны дуршил ихсэх гэх мэт шинж илэрдэг бол норадерналин дутагдах үед сэтгэл дүнсгэр, анхаарал төвлөрөхгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг удаан хүлээж авах, ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг.

Төрөлт:

Хүүхэд төрүүлэх талаар маш их хүлээлт үүсгэх нь төрөх дөхөхөд урам хугарч, эхийн бухимдлыг төрүүлдэг. Төрсний дараах сэтгэл гутралд орсон эмэгтэйчүүдийн олон тохиолдол нь хүндрэлтэй буюу хүнд хэлбэрийн төрөлт, хүүхдээ дутуу төрүүлэх, шинэ төрсөн нярай нь эрүүл мэндийн асуудалтай байх нь элбэг байдаг.

Ээж болох тухай урьдчилсан ойлголт:

Ээж хүн болоод бүх ажлыг төгс гүйцэтгэх чадвартай байх ёстой гэсэн ойлголт байдаг. Харин бодит байдал дээр сайн ээж, сайн хань, сайн гэрийн эзэгтэй байх гээд олон хариуцлагатай нүүр тулж, эдгээрийг нэг дор амжуулж хийж чадаагүйгээсээ болж сэтгэл гутралд орох нэг шалтгаан болдог.

ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛЫН ШИНЖ ТЭМДГҮҮД:

-Тогтмол сэтгэлээр унах, санаа зовох, үргэлж сэтгэл дотор хоосон мэдрэмж төрөх
-Гутранги болох, итгэл найдвараа алдах
-Ямар нэгэн зүйлд буруутай мэт мэдрэмж төрөх, өөрийгөө хэн ч биш гэж мэдрэх, юу ч туслахаасаа өнгөрсөн мэт санагдах
-Дуртай зүйлдээ дургүй болж үзэн ядах, дур хүсэл байхгүй болох
-Анхаарал төвлөрүүлж чадахгүй, юм санахгүй, шийдвэр гаргаж чадахгүй болох
-Ядрах, ямар ч эрч хүчгүй болж юу ч сонирхолгүй санагдах
-Хэт их идэх эсвэл огт идэхээ болих
-Амиа хорлох тухай байнга бодогдох
-Тогтмол унтаж чадахгүй, амарч чадахгүй болох, нойргүйдэлд орох
- Архаг толгой өвдөлт, хоол боловсруулах замын хямрал зэрэг нь даамжирч эмэн эмчилгээнд засал авахаа болих

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл та нэн даруй арга хэмжээ аваарай. Мөн хүндэрч даамжрах хандлагатай бол мэргэжлийн эмч болон сэтгэл зүйч, сэтгэл засалчийн зөвлөгөөг аваарай.

Эмчилгээ

Эмийн эмчилгээ: 

Сэтгэл гутралын хүнд хэлбэрийн эхний шатны арга бол эмийн эмчилгээ бөгөөд ихэвчлэн антидепрессант /сэтгэл гутралын эсрэг/ эмчилгээ хийдэг. Гэсэн хэдий ч антидепрессантууд нь сэтгэлийн хямралыг арилгахад илүү үр дүнтэй ч төрсний дараах сэтгэл гутралын үед хүүхдэд хөхний сүүгээр дамжин нөлөөлөх магадлалтай тул хоргүй зөөлөн үйлдэлтэй, ургамлын найрлагатай бэлдмэлийг хэрэглэх нь зөв байдаг.

Эмийн эмчилгээнээс гадна стресс ядаргааг тайлах энгийн аргуудыг эзэмших:

-Хамгийн шилдэг арга бол дасгал хөдөлгөөн хийх юм. Дасгал хийхэд серотонин ялгаралтыг ихэсгэж сэтгэл санааг өөдрөг болгодог байна.

-Ойр дотныхондоо өөрийнхөө сэтгэл санааг нээлттэй хуваалцах, адилхан хүүхэд гаргасан эхчүүдтэй найзалж нөхөрлөх, нөхөртэйгөө болзох зэргээр стрессээ тайлах хэрэгтэй.

-Өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх, бүх зүйлийн бурууг өөр дээрээ хүлээн авахгүй байх

-Том даалгавруудыг олон жижиг даалгавар болгон хувааж төлөвлөгөө гаргах

-Ямар нэгэн хоббитой болж түүндээ анхаарлаа төвлөрүүлэх

-Сэтгэл санааны байдал бага багаар дээрдэнэ гэдэгт итгэх 

-Хэн нэгнээс тусламж хүсэх. Бүхнийг ганцаараа хийх гэж зүтгэх нь хэт их ачаалал болдог.

Өдөр өдрөөр эдгээр аргуудыг хэрэглэснээр сэтгэл зүйн байдал аажмаар тогтворжиж өөдрөг сэргэлэн болдог учир энэ бүхнийг даваад гарна гэдэгтээ итгэх хэрэгтэй.