Бөөрний чулуу өвчин Монгол улсад нилээн элбэг тохиолддог эмгэг юм. Бөөрөн дотор хатуу эрдэс, давсаар баялаг чулуу үүсэхийг бөөрний чулуу гэнэ. Бөөрний чулуу нь маш аюултай гэмтэл учруулдаггүй ч шээсний сувгийг бөглөсөн тохиолдолд хүчтэй өвдөл өгч, яаралтай тусламж авах шаардлага үүсэх тохиолдол цөөнгүй.
Бөөрний чулуу үүсэлт нь физик химийн нарийн процесс ба гол үндэс нь коллойдын тэнцвэрт байдал алдагдахтай холбоотой. Шээсэнд хамгаалах коллойд бодисууд агуулагдах ба тэдгээр нь шээсэнд агуулагдаж буй бодисуудыг уусамтгай болгох, жижиглэх үүрэгтэй байдаг. Хамгаалах коллойдуудын дутагдлаас хэд хэдэн молекулын хэсгүүд нийлж чулууны цөм (мицелл) хэсгийг бүрдүүлнэ. Цөмийг фибрин, цусны бүлэн, аморф тунадас, эсийн детритүүд, гадны биетүүд бүрдүүлнэ.Цаашдаа чулуу үүсэх процесс нь давсны концентраци, устөрөгчийн ионы концентраци буюу шээсний орчин, шээсний коллойдын найрлагаас хамаарна.
Бөөрний чулуу үүсэх шалтгаан
Тодорхой хоолны дэглэм.
Хоол хүнсэндээ давс , элсэн чихэр, уураг ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь бөөрний зарим төрлийн чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Хэт их давс хэрэглэх нь таны бөөрний шүүж байх ёстой кальцийн хэмжээг нэмэгдүүлснээр бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Бодисын солилцооны өөрчлөлт: Гэдэсний мэс заслын дараа эсвэл, бодисын солилцооны хэд хэдэн эмгэгүүдийн / бамбай булчирхай, тулай, чихрийн шижин .../ үед шээсэн дэх кальци , оксалатын концентраци нэмэгдэж, бөөрний чулуу үүсэх эрсдэл ихэсдэг.
Усны хэрэглээ : Өдөр бүр хангалттай хэмжээний ус уухгүй байх нь бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Дулаан, хуурай уур амьсгалтай газар амьдардаг, их хөлөрдөг хүмүүс бусадтай харьцуулахад биед агуулагдах усны хэмжээ бага байдаг бөгөөд шээсэн дэхь кристал , коллойд бодисын тэнцвэр алдагдахад нөлөөлдөг байна. Ус уухгүй удаан хугацаагаар явахад шээсэнд кристал бодисууд нь хоорондоо талсжин , бөөрний чулуу үүсэх эхлэл тавигддаг .
Таргалалт. Биеийн жингийн индекс, бэлхүүсний хэмжээ ихсэх, жин нэмэгдэх зэрэг нь бөөрний чулуу үүсгэх эрсдэлтэй.
Хоол боловсруулах эрхтний өвчин, мэс засал. Ходоодны хагалгаа, гэдэсний үрэвсэлт өвчин, архаг суулгалт зэрэг нь хоол боловсруулах үйл явцад өөрчлөлт оруулж, кальци, усыг шингээхэд нөлөөлж, шээсэнд чулуу үүсгэх бодисын хэмжээг нэмэгдүүлдэг.
Бөөрний сувганцрын эмгэгүүд, цистинури, гиперпаратиреодизм, шээсний замын давтан халдвар зэрэг бусад эрүүл мэндийн эмгэгүүд нь бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Витамин С, хүнсний нэмэлт тэжээл, туулгах эм (хэт их хэрэглэсэн тохиолдолд), кальци агуулсан антацид, мигрень эсвэл сэтгэлийн хямралыг эмчлэхэд хэрэглэдэг зарим эм зэрэг нэмэлт тэжээлүүд болон эмүүд нь бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Гэр бүл эсвэл хувийн түүх. Хэрэв танай гэр бүлийн хэн нэгэн бөөрний чулуутай бол та ч гэсэн бөөрний чулуутай болох магадлал өндөр байдаг. Хэрэв та аль хэдийн нэг буюу хэд хэдэн бөөрний чулуутай бол дахин чулуу үүсэх эрсдэл нэмэгддэг.
Бөөрний чулууны төрлүүд
Кальцийн чулуу
Ихэнх бөөрний чулуу нь кальцийн чулуу бөгөөд ихэвчлэн кальцийн оксалат хэлбэртэй байдаг. Оксалат нь элэгнээс өдөр бүр гаргаж авдаг эсвэл хоол хүнсээр шингэдэг бодис юм.. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно. Зарим жимс, хүнсний ногоо, түүнчлэн самар, шоколад нь оксалатын өндөр агууламжтай байдаг.
Фосфатын чулуу
Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан.Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.
Уратын чулуу
Шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.
Шээсний хүчлийн чулуу. Шээсний хүчлийн чулуу нь архаг суулгалт, шингээлт алдагдсанаас болж хэт их шингэн алддаг, уураг ихтэй хоол хүнс хэрэглэдэг хүмүүс, чихрийн шижин, бодисын солилцооны синдромтой хүмүүст үүсдэг. Зарим генетикийн хүчин зүйлүүд нь шээсний хүчлийн чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Цистины чулуу
Цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.
Бөөрний чулуутай болсоноо хэрхэн мэдэх вэ?
Ихэвчлэн эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүй явагдах тул хэвлийн хөндийн рентген зураг авахуулах, хэт авиан шинжилгээ хийлгэх үед тохиолдлоор оношлогддог. Зарим үед цустай шээх шинж илрэх ба бусад цустай шээх шинжээр илэрдэг өвчнүүдээс (бөөр, шээс дамжуулах замын хавдар, сүрьеэ, уйланхай) ялгах шаардлагатай болно.Шээлэй буюу энгийнээр хэлбэл бөөрнөөс давсагруу шээс дамжуулах гуурсны аль нэг хэсэгт чулуу тээглэж бөглөснөөс шээсний урсгалд саад болж бөөрний хатгаа өвдөлтийн шинж илэрнэ. Чулууны өргөн 1 см-ээс илүү, барзгар гадаргуутай бол бөөрнөөс давсаг руу орж амжихгүй шээлэйн аль нэг хэсэгт тээглэж тогтоно.
- Чулуу шээлэй рүү орох үед эхнээс нь эвгүй оргиж байснаа сүүлийн 20-60 минутанд өвдөлт нэмэгдэж тэсэхийн аргагүй болно.
- Өвдөлт нь ууц нуруу, цавь, бэлэг эрхтэн, гуяны дотор тал руу дамжина.
- Өвдөлтийн үед дотор муухай оргих, бөөлжих, шээс саатах зэрэг шинж илрэхээс гадна хэвтэж чадахгүй хөрвөөнө. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж дуудахын зэрэгцээ өвчин намдаах эм өгөх, халуун жин тавьж, халуун усанд суулгах зэрэг анхны тусламж үзүүлнэ.
- Шээх үед өвдөх, халуу оргих мэдрэмж төрнө
- Ягаан, улаан эсвэл хүрэн шээс
- Ердийнхөөсөө олон удаа шээх эсвэл бага хэмжээгээр шээх
- Дотор муухайрах, бөөлжих
- Халдвар илэрсэн тохиолдолд халуурах, жихүүдэс хүрэх
- Шээсний замд чулуутай бол удаан явах, морь унах, машин тэргэнд доргих, биеийн тамир хийсний дараа өвдөлт нэмэгдэж, тайван үед намдана.
Оношилгоо
Дараах шинжилгээний тусламжтайгаар бөөрний чулуутай эсэхийг тодорхойлдог.
- Цусны шинжилгээ
- Шээсний шинжилгээ
- Хэвлийн чанд авиан шинжилгээ
- Рентген зураг, компьютертомографи шинжилгээ хийж бөөрний чулууны байрлалыг тогтооно.
Зөвлөмж
Танд эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.
- Өвдөлт нь маш хүчтэй болж сууж чадахгүй, тав тухтай байрлалыг олж чадахгүй болох
- Өвдөлттэй хавсарж дотор муухайрах, бөөлжих шинж илрэх
- Халуурах, жихүүдэс хүрэх
- Таны шээсэнд цус илрэх
- Шээс ялгаруулахад хүндрэлтэй болох
Эмчилгээ
Эмчилгээний хувьд, чулууны хэмжээ болон үүссэн шалтгаанаас шалтгаалж өөр өөр эмчилгээ хийнэ.
- Бага зэргийн шинж тэмдэг үзүүлж буй жижиг чулуутай үед их хэмжээний ус ууж шээсээр хөөж гаргах ба өдөрт 2-3л ус уудаг. Шээсний сүвээр чулууг хөөж гаргах нь өвдөлттэй байх тул өвчин намдаагч хэрэглэж болох ба үүнээс гадна чулуу хөөх үйлчилгээтэй эм ууна. Гэхдээ эмчийн зааврын дагуу уг эмчилгээг хийх бөгөөд дур мэдэн өөрөө өөртөө эмчилгээ хийх хориотой.
- Том хэмжээтэй чулуу үүссэн тохиолдолд дууны долгионоор чулууг бутлах эмчилгээ хийдэг. 45-60 минутын турш хүчтэй доргилттой дууны долгионоор бөөрний чулууг олон жижиг хэсэг болгон бутлана. Энэ ажилбарын дараа бутарсан бөөрний чулуу шээсний сүвээр гарах боломжтой болдог. Гэвч энэ ажилбар нь нуруу хэвлий хэсгээр хөхрөх, цустай шээх, зарим дотор эрхтнүүдийг цус алдахад хүргэх эрсдэлтэй тул эмчтэйгээ нарийн зөвлөлдсөний үндсэн дээр эмчилгээг эхлүүлнэ.
- Хэрэв дууны долгионоор бутлах эмчилгээ бүтэлгүйтвэл дурангийн аргаар хагалгаа хийж чулууг авна. Камертай нарийн гуурсыг шээсний сүвээр дамжуулан оруулж, чулууг олж, бутлах ажилбар юм. Ажилбарын дараагаар шээсний сүвээр бутарсан чулуу гарна.
- Зарим кальцийн чулуунууд нь бамбайн даавар хэт их хэмжээгээр ялгарснаас үүсдэг тул бамбайн хагалгаагаар дааврын ялгаралтыг бууруулж бөөрний чулуу томрохоос сэргийлдэг.
- Мэс засал. Мэс заслын аргаар чулууг авсан ч дахин чулуу үүсэх магадлал өндөр.
- 100% байгалийн гаралтай Цистон хэрэглэх
Эх сурвалж:
https://www.mayoclinic.org/diseases-conditions/kidney-stones/symptoms-causes/syc-20355755
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D3%A9%D3%A9%D1%80%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%87%D1%83%D0%BB%D1%83%D1%83
Бэлтгэсэн хүний их эмч: Б.Оюунтуяа