Эрүүл хүний биед цусны чухал хэсэг болох хүчил төрөгч зөөвөрлөх үүрэгтэй Улаан эс гэж нэрлэдэг эс нь шинээр үүсээд 72 цаг буюу 3 хоногийн турш амьдарч үүргээ гүйцэтгэсний дараа задарч үхдэг. Энэ задралын үр дүнд билирубин хэмээх бодис бий болдог. Энэ бодисыг элэг шүүж цөс болгон хувиргах зэрэг үйл ажиллагаанд хэрэглэдэг.
Шарлалт нь гүйцэт төрсөн нийт хүүхдүүдийн 70 орчим хувьд нь илэрдэг. Тэгвэл дутуу төрсөн хүүхдүүдэд илүү олон тохиолддог байна.
Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусанд дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Үүнээс шалтгаалж уг бодис бүрэн шүүгдэж чадалгүй цусанд байх хэвийн хэмжээнээс илүүдэл болдог. Энэ илүүдэл хүүхдийн нүдний цөцгий, арьс, тагнай зэрэг газар шар туяатай болох шинжээр илэрдэг.
Энэ шинжийг нярайн шарлалт гэж нэрлэдэг. Нярайн шарлалтыг хэвийн болон хэвийн бус гэж 2 хуваадаг бөгөөд дээр дурдсан үйл явц нь хэвийн шарлалт үүсэх шинж юм.
Нярайн өсөлт хөгжилт хэвийн асаргаа сувилгаа сайн байвал 14 хоногийн дотор элэг шүүгээд илүүдэл нь алга болмогц шарлалт арилдаг.
Хэвийн шарлалт нь хүүхэд төрсний дараа 2-3 хоногт үүсч эхлээд 14-30 хоногийн дотор арилах ёстой.
Ээж хүүхдийн цусны резус, болон бүлэг тохироогүй байх мөн эхийн хөхний сүүнээс болж хэвийн бус шарлалт гарч ирнэ.
Энэ нь хүүхэд төрснөөс хойшхи эхний 24 цагийн дотор үүсдэгээрээ хэвийн шарлалтаас ялгарна.
Шарлалтыг бууруулахын тулд:
- Дааруулахгүй байх хэрэгтэй
- Сайн хөхүүлэх хэрэгтэй. Хамгийн сайн цадаж байгаа нярай хамгийн ихдээ 3 цагийн дараа дахин хөхөж, шээж, баасны гаралт хангалттай сайн байх ёстой.
- Шарлалт гүнзгийрвэл тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг бөгөөд энэ нь хүүхэд унтаарах, хөхөндөө муу болох, шээс баас ховордох, шарлалт улам ихсэх зэрэг шинж илэрдэг. Зарим туршлагагүй ээж нар хүүхэд унтаж, тайван байна гэж бодсоноос алдаа гаргах нь бий.
- Шаардлагатай тохиолдолд эмийн болон шарлага эмчилгээ хийнэ. Хүүхэд дөнгөж төрсөн өдрөөс эхлэн сайн хөхүүлсний дараа лив 52 дусаалгыг 10 дуслаар өдөрт 2-3 удаа уулгана. Хүүхдийн шарлалт дуустал 10-14 хоног уулгана.
- Эмийн эмчилгээг тухайн нярайн биеийн байдал, шарлалтын хүнд хөнгөний байдал, биеийн зэргийн харгалзан тун болон уух цагийг эмч бичиж өгнө. Эмч хүүхдийг үнэлж шаардлагатай гэсэн эмчилгээг бичиж өгч байгаа. Зарим ээж нар хагас эмийг нь өгөхгүй байснаас өвчнийг гүнзгийрүүлэн хүндрүүлэх тохиолдол гардаг.
- Зарим орны эмч нар хүүхдийн шарлалтын үед эхийн хөхний сүүг сааж ариун саванд хийж савтай 15-20 минут орчим усанд хийж халаагаад хүүхдэд өгч эмчилдэг. Энэ нь шарлалтыг үүсгэгч уургийг задалдаг гэж үздэг байна.
Эх сурвалж: ikon.mn