Бөөр нь хүний биеийн хорт бодисыг гадагшлуулж цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн юм. Бөөр нь биеэр эргэлдэх цусыг шүүж, биед хэрэгтэй , хэрэггүй бодисыг ялгахаас гадна нурууны ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, артерын даралтыг тэнцвэржүүлэх гээд маш олон талын ач холбогдолтой.
Удмын өгүүллэлтэй, таргалалт, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрх судасны эмгэгтэй хүмүүс бөөрний архаг өвчнөөр илүү өвдөх эрсдэлтэй. Мөн эмэгтэйчүүд биеийн бүтцийн ба дааврын онцлогоос хамаарч эрчүүдээс 3 дахин илүү бөөр шээсний замын халдвараар үүсгэгдсэн үрэвсэлт өвчинд өртдөг. Хоолой байнга өвддөг, шүд хорхойтой, хүйтэн чийгтэй нөхцөлд ажилладаг хүүхэд, залуучууд бөөрний түүдгэнцрийн үрэвсэлт өвчнөөр илүү өвчилдөг.
Монголчуудын 50% нь бөөрний аяганцар, тэвшинцрийн үрэвслээр 1-2 удаа амьдралынхаа туршид өвдөж үзсэн байдаг гэсэн албан бус тоо баримт байдаг. Энэ нь монголын эрс тэс уур амьсгалтай шууд холбоотой байж болох юм. Мөн бөөрний өвчлөлийн үрэвслийн шалтгааны 80% е.коли нян үүсгэдэг.
Бөөрний цус шүүх түвшин болох түүдгэнцрээс нааш бөөрнөөс үүссэн анхдагч шээсийг хадгалан давсаг луу дамжуулах аяганцар тэвшинцэрт үрэвсэл явагдахыг бөөрний аяганцар, тэвшинцэрийн үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед ууц нуруугаар чилэх, өглөө нүд бүлцийх, өлөн үеийн шээс хурц үнэртэй, өтгөн болох зэрэг зовиур илэрнэ. Ихэнхдээ энэ нь зовиур бага байдаг тул хүмүүс тоолгүй орхиж, эсвэл тухайн хүний биеийн дархлаа сайн байсантай холбоотойгоор хөнгөн үед аяндаа эдгэрдэг.
Бөөрний аяганцар , тэвшинцрийн үрэвслийн дараа эдгэрэхэд үрэвслийн улмаас үүссэн үрэвслийн шингэн шимэгдэж, үрэвсэл явагдсан аяганцар, тэвшинцэр хэлбэрийн хувьд өргөсөн, тэлж эдгэрдэг. Үүнийг хүмүүс миний бөөр сийрэгжсэн байна гэж ойлгодог. Энэ бол бөөр өвдөөд эдгэрсний шинж юм.
Энэ эдгэрэлтийн дараах үеийн өөрчлөлтийг эмчлэх, буцаан сэргээх боломжгүй юм. Харин бөөрний энэ аяганцар, тэвшинцрийг дахин үрэвсүүлэхгүй байхад анхаарах нь маш чухал юм.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Амьдралын зөв хэв маяг баримтлах, өдөр бүр 30 минутаас багагүй хугацаанд дасгал хөдөлгөөн хийх, жингээ барих
Зөв хооллох, хангалттай ус уух /өдөрт 8-10 стакан/, давсны хэрэглээг багасгах, жимс ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэх
Ханиад томуунаас сэргийлэх, хоолой шүд өвдөхөөс сэргийлэх, биед байгаа архаг халдварын голомтуудыг эмчлүүлэх
Эрт илрүүлэх: Тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, даралт ихсэлт, цусны сахар, өөх тос, бөөрний үйл ажиллагааны шинжилгээнүүд, ЭХО оношлогоо зэргийг жил бүр хийлгэж байх
Эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх, эмийг тогтмол зөв ууж байх зэрэг нь бөөрний өвчнөөр өвчлөх, хүндрэхээс сэргийлэхэд туслана гэж эмч нар зөвлөж байна.