Байгальд тоо томшгүй олон янз, төрөл, ангиллын молекул бий болж байдаг ба эдгээр нь шинэ эм бэлдмэлийн тодорхой нэг эх сурвалж, биологийн идэвхт үнэт түүхий эд болдог. Эрт дээр үеэс амьтан, ургамал, эрдсийн гаралтай байгалийн нэгдэл нь уламжлалт анагаах ухааны үндсэн тулгуур, түүх соѐлын хэсэг болж ирсэн түүхтэй. Байгалийн нэгдлийг өвсөн эм, ургамлан эм, хүнс байдлаар олон мянган жил хэрэглэж ирсэн ба одоо үед байгалийн нэгдлийн өвөрмөц, сонирхолтой молекулын бүтцэд тулгуурлан шинэ бүтээгдэхүүн гарган авах судалгаа шинжилгээ хийгдэж байна.
Эдгээрээс эх газрын ургамал нь нарийн нийлмэл бүтэцтэй бодисын эх булаг болохоос гадна нөхөн сэргээгдэх чадвартай, нөөц материал юм. Манай дэлхийн хуурай газрын 300000 гаруй зүйл ургамлаас зөвхөн 6%-нх нь фармакологийн идэвх, харин 15%-нх нь химийн бүрэлдэхүүн системтэйгээр судлагдсан байгаа нь [3,4] ургамлаас шинэ сонирхолтой бүтэцтэй, эмчилгээний идэвхтэй нэгдлийг илрүүлэх асар их нөөц байгааг харуулж байна.
Орчин үед хөгжингүй орны эмийн зах зээлд дэх эмийн 50% нь амьтан, ургамал, далайн амьтан ба бусад организмаас гаралтай эсвэл, байгалийн нэгдлээс нийлэгжүүлэн гарган авсан байна.
Ургамал бол эмчилгээний идэвхтэй бодисын үнэт эх булаг юм. Анх 200 гаруй жилийн өмнө Германы эм зүйч Фридрих Сертюрнер Нойрсуулагч намуу (Papaver somniferum L.) ургамлын жимсний сүүн шингэнээс өвдөлт намдаах, нойрсуулах үйлдэлтэй бодисыг ялган морфин гэж нэрлэснээр ургамлаас бага молекулт метаболитыг ялгах, судлах ажил эхэлсэн юм. Тэрээр морфиныг хэрхэн ялгах, талстжуулах, талстын бүтэц, фармакологийн идэвхийг нохой болон өөр дээрээ туршин шинж чанарыг нь тогтоосон талаар эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний өгүүлэл хэвлүүлжээ. Энэ үеэс органик хими нь шинжлэх ухааны нэг салбар болох эхлэл тавигдсан юм.
Улмаар 19-р зуунд олон ургамлаас биологийн идэвхт олон бодисыг ялгах, бүтэц байгууламж болон фармакологийн Эрдэм шинжилгээний бүтээл, 2018, №6, х.21-28
22 идэвхийг судлан тогтоох ажил хийгджээ. Үүнд: Хинийн мод (Chinchona officinalis L.)-ны холтосноос халуун хумхааг анагаах үйлдэлтэй хинин, Хятад цай (Camellia sinensis L. Kuntze)-ны ургамлаас төв мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлэх үйлдэлтэй каффеин, Тамхины (Nicotiana tabacum L.) ургамлаас n-холиномиметик үйлдэлтэй никотин, Нойрсуулагч намуу (Papaver somniferum L.)-с өвдөлт намдаах, ханиалга дарах үйлдэлтэй кодеин, Эгэл гоо хатан (Atropa belladonna L.) ургамлаас n-холиноблокатор үйлдэлтэй атропин, Колхид цэцэг (Colchicum autumnale L.)-с хорт хавдар болон тулай өвчнийг анагаах үйлдэлтэй колхицин, Erythroxylum cocaLamk. ургамлаас төв мэдрэлийн тогтолцоог сэргээх үйлдэлтэй кокаин, Халуун чинжүүний (Capsicum аnnuum) төрлийн ургамлаас ходоодны шүүс ялгарлыг нэмэгдүүлэх үйлдэлтэй капсаицин зэрэг алкалоидыг ялгажээ [3]. Одоогийн байдлаар ургамлаас 200000 гаруй хоѐрдогч метаболитыг ялгаснаас 122 нь эм бэлдмэл болж зах зээлд нийлүүлэгдэж, эрэлт хэрэгцээтэй эмийн жагсаалтанд байна [19]. 1830-д оны үеэс эмийн анхны компаниуд байгуулагдаж, ургамлаас эмчилгээний идэвхтэй нэгдлийг ялгах ажлыг хийхээс гадна нийлэгжүүлэх аргаар эмт бодисыг гарган авах туршилтуудыг хийх зэргээр шинэ эм бүтээн бий болгож байжээ.
Эх сурвалж:
Эмийн ургамал - Эмчилгээний идэвхт нэгдэл Г.Одонтуяа Шинжлэх ухааны академи, Хими, химийн технологийн хүрээлэн, Улаанбаатар 13330, Монгол улс