Нярай шарлалтыг амжилттай даван туулах 12 зөвлөмж

Нярайн шарлалт гэж юу вэ?  

Дөнгөж төрсөн нярай хүүхдийн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдаг тул цусанд дахь билирубиныг бүрэн шүүж чаддаггүй. Улмаар билирубин цусанд байх хэвийн хэмжээнээс ихсэж, хүүхдийн нүдний салст, нүүр, цээж цаашлаад бүх бие   шаргал туяатай болох шинжээр илэрдэг. Үүнийг нярайн шарлалт гэнэ. 

Нярайн шарлалтыг физиологийн болон эмгэг шарлалт гэж ангилна. 

Физиологийн шарлалт 7-14 хоног үргэлжлээд аажим өөрөө аяндаа арилдаг физиологийн үйл явц эмчилгээ шаардлагагүй. Эмгэг шарлалт нь ихэвчлэн нярайн  дутуу төрөх , нярайн цус задрах, эхийн цусны үл тохироо, нярайн элэгний өвчлөл, цөсний бөглөрөл, эхийн сүүний үл тохироо,  чихрийн шижинтэй эхээс төрөх,  нярай бүтэлттэй төрөх,  төрөл садангийн хүүхэд шарлаж байсан асуумжтай байх, эмнэлгээс гарахын өмнө фото эмчилгээтэй байсан зэрэг шалтгааны улмаас үүсдэг.  

Эрүүл ба эмгэг шарлалтын ялгаа: 


 Гэртээ авч болох арга хэмжээ: 

Эмнэлгээс гарсны дараа  24 цагт  болон 3,7 дэх хоногуудад өрхийн эмч эргэлтээр үзлэг хийж, хүүхдийн шарлалтыг хэмжин, нэмэлт эмчилгээ байгаа эсэхийг үнэлнэ.  

Ээж та хүүхдийн арьсыг хэр шарлаж байгааг харахын тулд  дулаанхан өрөөнд нарны гэрэлд нүцгэлж, сайн харна. Хүүхдийн зөвхөн нүүр, нүдний салст бага зэрэг шаргал байвал та санаа зоволтгүй харин цээж, хөл мөчид, гарын алга шарласан бол заавал эмнэлэг явах шаардлагатай.  

Цөсний зогсонгишилтой холбоотой үүссэн шарлалт байвал эмчийн заавраар цөс хөөх эмийг хүүхдээ уулгана.  

Эрүүл нярайн шарлалт 7-14 хоногт бүрэн арилж дуусдаг. Харин эмгэг шарлалт бол 14 хоногоос илүү удаан үргэлжилдэг. Иймээс ээж та хүүхдийн шарлалт хэзээ эхэлсэн, хэдэн хоног үргэлжилж байгааг тогтмол хөтөлж, анзаарч эмчдээ хэлэх ёстой.  

Эмнэлгээс гарахын өмнө фото эмчилгээнд орж байсан бол дахин шарлалт ихсэх магадлалтай тул өрхийн эмчдээ хурдан хэлж, эргэлтийн тоог нэмэгдүүлж, хянуулж болно.  

Ээж та өөрөө чихрийн шижинтэй, хүүхэд жин ихтэй гарсан бол хүүхдийн шарлалт удаан үргэлжлэх хандлагатай байдаг тул сайтар хянуулж, ээж та шарлалтыг сайтар ажиглаж, хүүхэд унтаарч байгаа эсэхийг анхаараарай.  

Эхийн сүүний гарц бага байгаагаас болоод хүүхэд шингэний дутагдалд орж бас шарлалт сунажарч болох учир хөхний сүүний гарцаа хэр байгааг бас сайн анзаарна. Нярайг цатгаж чадаж байгаа эсэхээ шалгаж, 2 цаг тутам заавал хүүхдийг хөхүүлнэ. Унтаж байсан ч сэрээж хөхүүлнэ.  

Зарим ээжийн сүү хүүхдээ таарахгүй байх тохиолдол байдаг. Энэ үед ээжийн сүүний гаралтай шарлалт бас үүсч болдог. Энэ тохиолдолд донор эхийн сүү өгөх, эсвэл нэмэлт сүүгээр хүүхдийг хооллодог.  

Нярайг хэзээ ч дааруулж болохгүй. Хүүхэд даарахад нярайн шарлалт гүнзгийрэх , нэмж халдвар авах магадлал өсдөг.  

Нярай элгийг дэмжих, цөсний ялгаралтыг ихэсгэх лив52 дусаалгыг 5 дуслаар өдөрт 3 удаа   30 хоног уулгаж , нярай шарлалтын үргэлжлэх хугацааг богиносгож болно. 

 Нярайн билирубины хэмжээ 225мкмоль/л -ээс ихэссэн, удаан үргэлжилж байгаа үед фото эмчилгээг эмчийн заавраар хийнэ. Мөн цаашлаад цус сэлбэх хүртэл эмчилгээг хийдэг.  

 Нярай шарлалтын хамгийн том хүндрэл бол тархины эргэшгүй гэмтэл үүсгэж, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй байдаг тул ээж таны туслалцаатай бид таны хүүхдийг эрүүл саруул өсөхөд туслах боломжтой байдаг шүү. 

Эх сурвалж: Нярай шарлалтын үеийн тусламж үйлчилгээ, удирдамж 2023 он