Нярай хүүхдийн хувьд ойр ойрхон хөлрөх нь аав ээжүүдийн санааг зовоодог. Тэгвэл яагаад нярай амархан хөлөрдөг вэ?
1. Нярай хүүхэд орчны халуун, хүйтэн температурт мэдрэг байдаг. Нярайн бодисын солилцоо хурдан байдагтай холбоотойгоор насанд хүрэгчдээс илүү нярай үедээ амархан халууцан хөлөрч, амархан даардаг.
2. Хөхөө хөхөхдөө хөлрөх.
Нярай ээжийнхээ хөхийг хөхөх үед амархан хөлөрдөг. Энэ нь ээжтэйгээ ойрхон хэвтэж байгаа тул биеийн дулаан ихэсдэгтэй холбоотой. Мөн хөхөө хөхөхдөө амьсгалаа бүрэн хуваарилж чадахгүй байгаатай холбогдуулан амархан хөлөрдөг. Нярай хөхөө хөхөж байхдаа толгой нь халах нь нярайд хэвийнд тооцогддог.
3.Өвчлөл
Хэрвээ ханиад, суулгалт, халууралтын үед хүүхэд хөлөрч байвал үүнийг өвчний шинжид тооцно. Ялангуяа нярай үедээ ханиах, халуурах, гүйлгэлтийн шинж илэрвэл яаралтай эмнэлэгт үзүүлээрэй.
4. Хэвийн үед хөлрөх
Хэрвээ танай өрөө хэвийн температуртай (нярай байгаа өрөө 20-22С-тай байх нь хэвийн), хүүхэд хөхөө хөхөөгүй үед ч амархан хөлөрч байвал энэ нь Витамин Д-н дутагдал байх магадлалтай. Хөлрөх зовууриас гадна:
- Шээс эхүүн үнэртэй болох
- Хөлс өтгөн, зунгааралдсан болох
- 6 сараас дээш насанд шүд оройтож ургах (1 наснаас дээш насны хүүхдэд өөрийн сараас 4-г хасаж тооцно. Жишээлбэл 14 сартай хүүхэд 10 шүдтэй байх)
- Шүд амархан хорхойтох
- Хөгжлийн хоцрогдол зэрэг нь Витамин Д дутагдал буюу сульдаагийн шинж байдаг.
Хэрвээ та хүүхдэдээ ямар Д витамин сонгохоо мэдэхгүй байвал тосон суурьтай, сахаргүй, хугацаа уртасгагчгүй Д витаминыг сонгоорой.