Ханиад томууны улирал ирж, 0-6 насны хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо улам нэмэгдсээр байна. Эмнэлэгт хэвтэж байгаа өвчлөлүүдэд
уушгины хатгалгаа, томуу төст томуу өвчлөл, цочмог ларингит зэрэг орно. Хүүхдийн өвчлөлийн шалтгааны үүсгэгч нь 90% вирүс байдаг. Иймээс ихэнхдээ хоолой залгиур улайж, үрэвссэн, өндөр халуурч эхэлдэг. Хүүхдийн биеийн ерөнхий байдлаас хамаарч, өвчлөл хэдхэн хоногт хүндэрч, уушгины цулцанд хүрч, уушгины хатгалгааг үүсгэдэг. Иймээс энэ үед эмнэлгийн нөхцөлд эмчилж, вирүсийн эсрэг эмчилгээг судсаар хийвэл илүү хурдан үр дүнтэй байдаг. Гэвч эмнэлэгт өвчний хүндрэлээс сэргийлэх, цочмог үрэвслийг дарах, илрэх шинж тэмдгүүдийг дарж байгаа болохоос биш өвчнийг бүрэн төгс эмчилж чаддаггүйг ээж нар ойлгох хэрэгтэй. Иймээс эмнэлгээс гарсны дараах 14 хоногт эмнэлгээс гарсны дараах гам дэглэмийг сайтар барьж хүүхдийг бүрэн эмчлэх нь ээж нарын үүрэг болно гэсэн үг юм.
- Уушги бол агаараар эрүүлждэг эрхтэн гэж эмч нар ярихыг та сонсож байсан л биз дээ. Энэ нь хэдий чинээ эрүүл агаараар амьсгалахад хүүхдийн уушгины эд эсүүд нөхөн төлжих эрүүлжих боломжийг олгоно гэсэн үг юм. Гэхдээ хэт хүйтэн биш нарны илч мэдрэгдэх үед өдрийн 13-14 цагт цэвэр агаарт 30-45 минутын турш салхихад л болно.
- Хүүхдийг эмнэлгээс гарахад эмч нар 10-14 хоногийн эмийн эмчилгээ зөвлөдөг. Үүнд: уушгинд үлдсэн үлдэгдэл цэр, салсыг гадагшлуулах цэр ховхлох шингэлэх ургамлын эм / кофлет, диакоф/ хүүхдийн дархлааг дэмжих ургамлын хоргүй зөөлөн эм / септилин /, ханиалга намдаах, хоолойн үрэвслийг дарах хүлхмэл , нянгийн үржлийг дарангуйлах антибиотикийг тус тус бичиж өгдөг. Эдгээр эмийг эмчийн бичсэн хугацаагаар тасралтгүй өгөх нь маш чухал.
- Хүүхдийн хөлөнд өдөр бүр цэгэн иллэг хийх , хөлийг халуун бүлээн хар цай, гичтэй ус дүрэх, хөлийг дулаан байлгах хувцас байнга өмсгөх зэрэг маш чухал нөлөөтэй.
- Хүүхдийн хооллолт дээр анхаарах нь маш чухал. Хүүхдийн өдөрт авах ёстой илчлэгийг тооцож, насны онцлогт тааруулсан хоолны жорыг гаргаж өдөрт 4-6 удаа хооллох нь хүүхдийн уушгины үлдэгдэл үрэвслийг эмчлэхэд эмээс илүү үр дүнтэй байдаг. Ялангуяа монгол орны хувьд шөлтэй хоол илүү хүүхдэд илүү шимтэй байдаг.
- Хүүхдийг бусад ханиад томуутай хүүхдээс хол байлгах зорилгоор аль болох маск зүүлгэж сургах шаардлагатай. Маскийг 2 цаг тутам сольж, цэвэр маскыг зүүж байж нэмэлт халдвараас сэргийлэх боломж үүснэ.
- Өрөөний хэм, чийглэг байдал зэрэг нь хүүхдийн ханиалганд шууд нөлөөтэй байдаг. Иймээс өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээг гэрт заавал хийх шаардлагатай. Хэт чийгтэй цэвэрлэгээ хийх нь эргээд хүүхдийн амьсгалын замын өвчин хүндрэх шалтгаан бас болдгийг анхаарах хэрэгтэй.
- Уушги дахь цэрийг бүрэн гадагшлуулах цээжний иллэг хийж хэрэгтэй. Ялангуяа уушгины хатгалгааны дараа цээжний доргион иллэгийг өдөрт 2-3 удаа хийж, үлдэгдэл цэрийг гадагшлуулах хэрэгтэй. Уушгинд үрэвслийн үлдэц байгаад байвал хүүхэд ирээдүйдээ архаг бронхиттой болно.
- Хүүхдийн биеийн байдлыг сайжруулах зорилгоор аминдэм, эрдэс агуулсан мультивитамин өдөр бүр өгөх нь аливаа өвчний эдгэрэлтийг түргэсгэж, дутагдсан эрдсийг нөхөж, аминдэмийн дутагдлаас сэргийлэх ач тустай.