Хуруувчин цэцгийг эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд дархлаа дэмжих, шархны эдгэрэлтийг түргэсгэх, могой, шавьжинд хазуулсан үед хорыг гадагшлуулах , зүрхний өвчний үед тус тус хэрэглэсээр ирсэн. Хуруувчин цэцгийн хамгийн их хэрэглэгддэг 7 ач тусыг нэрлэе. Үүнд:
1. ДАРХЛАА ДЭМЖИХ нөлөө :
Хуруувчин цэцгийг алдаршуулсан, өтөл настнаас эхлээд хүүхэд хүртэл хэрэглэх гол ач тус нь дархлаа дэмжих нөлөө юм.
Хуруувчин цэцэг доторх биологийн идэвхи бодисууд нь хүний дархлааны залгиурын эсийн үйл ажиллагааг дэмжин, нян, вирүсийг залгин устгах чадварыг нэмэгдүүлэх, фибробластыг идэвхижүүлэх, вирүсийн эсрэг интерфероны нийлэгжилтийг өсгөдөг байна. Эцэст нь дүгнэхэд хуруувчин цэцэг нь хүний дархлааны нейтрофил, залгиур эс, устгагч эс зэрэг эсийн үйлдлийг дэмждэг нь судалгаагаар батлагдсан байна. /26/
Иймээс олон дархлаа дэмжих биологийн нэмэлт бүтээгдэхүүнд хуруувчин цэцгийн хандыг хэрэглэсэн байдаг. Ялангуяа ханиад томууны үед ханиадаар өвдөх хугацааг 10-58% богиносгож байгааг мета анализ судалгаагаар баталсан. /16,27,28/
Нэгэн судалгааны үр дүнгээс хуваалцахад ханиад томуу, амьсгалын замын өвчнөөс сэргийлэх зорилгоор витамин С дангаар хэрэглэхтэй , хуруувчин цэцгийн 400мг хандыг өдөрт 3 удаа хэрэглэхийг харьцуулахад хуруувчин цэцгийн ханд хэрэглэсэн группийн хүмүүст антибиотик хэрэглэх хэрэглээ багасаж, ханиад томуугаар өвдөх давтамж буурч байгаа нь ажиглагдсан байна.
2. Хуруувчин цэцгийн АРХАГ ҮРЭВСЛИЙГ ДАРАХ нөлөө :
Хуруувчин цэцэг дэхь алкалойд нь бие дэхь үрэвслийг дарах нөлөө үзүүлнэ. Алкалойд нь үрэвслийн үед ЦОГ-1 ЦОГ-2 ферментүүдийн ялгаралтыг хориглож, үрэвслийн үед ялгарах простогландин, лейкотрины ялгаралтыг багасгана. Мөн үрэвслийн эсрэг үйлдэлтэй интерферон 6,8 , 10 ялгаралтыг ихэсгэж, вирүсийн үржлийг дарангуйлж, өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ.
Хуруувчин цэцгийн ханд нь цочмог үрэвслээс гадна архаг үрэвслийг үр дүнтэй бууруулдаг нь олон судалгаагаар батлагдсан. Ялангуяа үе, мөчний архаг өвчин болох остеоартрит / яс ургах эмгэг / үед цагаан гааны нунтагтай хавсруулан 1 сар хэрэглэхэд үений үрэвслийг бууруулж, үений өвдөлт, хаванг багасгаж байгаа нь судалгаагаар ажиглагдсан байна.
3. ШАРХНЫ ЭДГЭРЭЛТИЙГ ТҮРГЭСГЭХ , арьсны эмгэгийг эмчлэх нөлөө:
Хуруувчин цэцгээс гаргаж авсан шүүсийг ашигласан тос нь арьсны үрэвслийг дарж, шархны эдгэрэлтийг түргэсгэдэг. Мөн хуруувчин цэцгийн шүүсээр хийсэн тос, гель нь арьсанд чийг өгч, үрчлээг багасгаж байсан судалгаа бас байдаг. Гэвч хуруувчин цэцгийн шүүс нь хурдан мууддаг тул удаан хугацаанд хадгалах боломжгүй байдаг.
Өөр нэг судалгаагаар арьсны экземтэй хүмүүст хуруувчин цэцгийн хандыг агуулсан тосыг 2-3 удаа 12 долоо хоногийн турш хэрэглэхэд арьсны хэт мэдрэгшил буурч, хаван багасан, загатнаагүй болж, арьсны чийгшилт сайжирч байгаа үр дүн гарсан байна.Гэвч арьсны эмчилгээ гол хэсэг бол кортикостеройдтой харьцуулахад харьцангуй сул байсан байна. /22/
4. Хуруувчин цэцгийн АНТИ-ОКСИДАНТ нөлөө:
Анти-оксидант нь эсийн хүчилтөрөгч хамааралт урвалын улмаас үүсэх чөлөөт радикалын үүсэлтийг бууруулах нөлөөг хэлнэ. Энгийн хэлбэл аливаа нөлөөний улмаас эсэд гэмтэл үүсч, хөгшрөх , үхэх нөхцлийг бүрдүүлэгч чөлөөт радикалыг өөртөө холбох чадварыг гэж хэлж болох юм. Хуруувчин цэцэгт caffeic, rosmarinic, cichoric acids, phenolic зэрэг анти-оксидантыг агуулсан байдаг. Хүчилтөрөгч хамааралт оксидатив стрессийг бууруулснаар биеийн ерөнхий байдал сайжирдаг.
5. Хуруувчин цэцгийн ӨВДӨЛТ НАМДААХ НӨЛӨӨ:
Хуруувчин цэцгийн хэрэглэхэд тодорхой хэмжээгээр аливаа өвчний үед өвдөлт намдаах нөлөөтэй гэж үздэг. Ялангуяа түлэгдэх үед хуруувчин цэцгийн хандыг түрхэхэд өвдөлт намддаг.
6. Хуруувчин цэцгийн СЭТГЭЛ ТҮГШИЛТ БУУРУУЛАХ НӨЛӨӨ:
Хүн болон амьтан дээр хийгдсэн судалгаагаар нь хуруувчин цэцэг нь сэтгэл түгшилтийг бууруулах, тайвшруулах нөлөөтэй нь батлагдсан. Төв мэдрэлийн тогтолцоонд олон янзын механизмаар нөлөөлж, /cannabinoid type 1 (CB1) receptors/ рецепторт холбогдон, нейротрансмиттерийг суллаж, улмаар сэтгэл түгшилтийг бууруулдаг байна./11/ Сэтгэл түгшилтийн үед хуруувчин цэцгийн 40мг өдөрт 1-2 удаа 7 өдрийн турш уулгаж, сэтгэл түгшилтийн тестээр шалгахад сэтгэл түгшилт буурч байгаа нь ажиглагддсан байна. (13, 14)
7. Хуруувчин цэцгийн ХАВДРЫН ЭСРЭГ НӨЛӨӨ:
Хуруувчин цэцгийн ханд нь хөх, бүдүүн гэдэс, нойр булчирхайн хавдрын үед хэрэглэхэд үр дүнтэй байна гэсэн олон судалгаа байдаг. Хуруувчин цэцэг дэхь алкалойд, полиацетилен нь хавдрын эсийн ургалтыг хориглож, эсийн апоптозыг зохицуулж байгаа нь ажиглагддсан. Ялангуяа хавдрын эсийн үржилд эсийн хуваагдлыг зогсоох, сигнал дамжуулалтыг зогсоох зэрэг үйлдэл үзүүлж байна гэж эрдэмтэд үзэж байна. Гэхдээ одоогоор энэ төрлийн судалгаа одоо ч хийгдсээр л байна.