Америкийн Бөөрний Сангаас (The National Kidney Foundation (NKF) 60 наснаас дээш бол бөөрний өвчлөлөөр өвдөх магадлал 50 хувиар өсдөг гэсэн мэдээлэл гаргасан байдаг бөгөөд 3 сар тутам бөөрний үйл ажиллагааг шалгах сорил тавиулж, шээсэнд уураг илрүүлэх тест хийлгэх хэрэгтэй гэж үздэг байна.
Ялангуяа чихрийн шижин, артерын даралт ихсэлт өвчин, бөөрний эмгэгээр өвддөг удамшилтай бол та заавал 3 сар тутам бөөрний эмчид үзүүлэн, бөөрний эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Бөөр 20 наснаас эхлэн насжилттай холбоотой өөрчлөлтөнд орж эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны бөөр хөгширч эхэлнэ гэсэн үг. 35 наснаас эхлэн бөөрний үйл ажиллагааны ихэнх үзүүлэлтүүд буурч, 60 наснаас бөөрний үйл ажиллагаа илт буурч эхэлдэг байна. Нас ахих тусам бөөрний цусан хангамж буурч байдаг. Бөөрөнд нянгийн халдвар орох магадлал нэмэгдэж байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдэд цэвэршилт явагдаж эхэлсэний дараа үтрээний хуурайшилт үүсгэж үтрээний орчин өөрчлөгдөж эмгэг төрөгч нян үржих таатай нөхцөл бүрэлдэнэ. Үтрээний үрэвслийг үүсгэгч нян нь шээсний сүвээр дамжин орж , бөөр давсагны үрэвсэлт өвчнөөр өвдөх магадлалыг эрс өсдөг байна. Харин 45 наснаас дээш насны эрэгтэй хүмүүсийн хувьд түрүү булчирхай томорч, улмаар шээсний сүвийг дарсанаас бөөр, давсагны өвчлөлийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл болдог байна.
Бөөрний өвчний шинж тэмдэг бүдэг байдаг тул ихэнх хүмүүс бөөрний өвчин хүндэрсэн үедээ эмнэлэгт ханддаг. Бөөр дөнгөж өвдөж эхлэхэд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
1. Амархан ядрах
Шалтгаан тодорхойгүй амархан ядарна. Унтаж амарсан ч амраагүй юм шиг мэдрэмж төрж, үргэлж нойрмоглох, ажлын даах чадвар эрс буурдаг.
2. Бага зэрэг халуурах
Бие зарайж хаана нэг халуурах зовиур илэрч болно Энэ шинж тэмдэг маш бүдэг байдаг тул хүмүүс бараг анзаардаггүй байна.
3. Шээсний өнгө бага зэрэг өөрчлөгдөх
Өглөөний өлөн шээс өтгөн, тод өнгөтэй, үнэр ихтэй болдог.
4. Хуян хөөрч, толгой өвдөх
Энэ хуян хөөрч, толгой өвдөх нь артерын даралт ихсэлттэй холбоотой. Бөөрний үрэвсэл даамжрах тусам артерын даралт нэмэгддэг. Гэхдээ ихэнхи хүмүүс бөөрний өвчний улмаас артерын даралт ихсэлт болоод байгааг анзаардаггүй байна.
5. Өглөө нүд, нүүрээр хавагнах
Өглөө босоход нүд, нүүр орчмоор хавагнаж, нүд нуухтах нь элбэг. Гэвч ихэнх хүмүүс их ажиллаж, ядарсантай холбоотой хэмээн бодож, тоолгүй өнгөрөөх нь их.