Бөөр сийрэгжсэн гэдэг хариу  хэвлийн эхо шинжилгээгээр гарсан уу?  Энэ бол архаг пиелонефрит өвчний үеийн хэвлийн ЭХО шинжилгээний хариу юм.

Бөөр нь хэвлийн гялтангийн арын зайд, цээжний 12 нугалмаас бүсэлхийн 3 нугалмын хооронд байрладаг. Бөөр 11*5см хэмжээтэй 150г жинтэй хүний амин чухал эрхтний нэг юм.

Бөөрний бүтэц  үйл ажиллагаа нь физиологийн нарийн процессийг  гүйцэтгэхэд гайхамшигтай зохицсон  олон үүрэгтэй эрхтэн. Үүнд 

1. Биеэс бодисын солилцооны үр дүнд үүссэн хортой бодисыг (мочевин, креатинин, шээсний хүчил) шээс болгон гадагшлуулна

2. Бөөр дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэн, ренин бодисыг ялгаралтыг зохицуулан артерын даралтыг тогтвортой байлгахад оролцоно.

3. Бөөр цусыг шүүж, цусанд байх хэрэгтэй кальци, кали, магни, фосфор зэрэг эрдсийг цусанд эргүүлэн оруулж байдаг. 

4. Бөөр витамин д нийлэгжилтэнд оролцдог тул ясны эрдэсжилтэнд оролцоно. 

Бөөрний өвчин нь ихэвчлэн нянгийн шалтгаанаар үүсгэгдсэн байдаг. Монголчуудын дунд бөөрний аяганцар, тэвшинцэрийн архаг үрэвсэл болох пиелонефрит өндөр тархалттай байдаг.  

Архаг Пиелонефрит гэдэг нь өвөрмөц бус нянгаар үүсгэгдсэн бөөрний аяганцар, тэвшинцэрийн салст бүрхэвч, завсрын эдийг хамарсан үрэвсэлт өвчин юм. Бөөрний өвчин дотроос 80 хувийг эзэлдэг, тархалт өндөртэй өвчин юм. 

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 5 дахин илүү өвчилдөг байна.

Пиелонефритийг үүсгэдэг нянгийн 80 хувийг гэдэсний савханцар буюу Е.коли нянгаар үүсгэгддэг. Энэ е.коли нян нь эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний байрлал, шээсний сүвийн богинохон байдал, шээх үед үүсэх шээсний сөрөг урсгал зэргээс шалтгаалан е.коли нян амархан давсганд орж, цаашлан бөөрөнд орж үрэвсэл үүсгэдэг байна.

Цаашид пиелонефритээр удаан хугацаагаар өвчилөхөд бусад нянтай хавсран өвчин архагшдаг байна.

Хоёр бөөрийг хамарсан архаг пиелонефритээр олон жил өвчилсөний эцэст бөөрний эд хатингиршиж, цусны даралт их өндөр болох улмаар бөөрний архаг дутагдалд хүргэнэ.

Шинж тэмдэг

*Халуурах 38-39 градус хүртэл бага зэрэг халуурах

*Ууц нуруугаар чилж өвдөх

*Хоолонд дургүй болох

*Шээсний өнгө тодорч, үнэр хурц болох

*Цусны даралт ихсэх

Оношлогоо:

Шээсний ерөнхий шинжилгээн дээр уураг гарах, нян гарах, цагаан эс олширох зэрэг өөрчлөлт гарна.

Хэвлийн ЭХО шинжилгээгээр бөөрний аяганцар, тэвшинцэр сийрэгжсэн, үрэвсэлтэй, бөөрний хэмжээ багассан зэрэг өөрчлөлт гарна. Энэ шинжилгээний хариуг хүмүүс миний бөөр сийрэгжсэн байна гэж хүлээн авах нь их байдаг.

Эмчилгээ

Хоол эмчилгээ, дэглэм сайн барих нь хамгийн чухал

Өвчний сэдрэлийн үед эмчилгээ эмнэлэгт хийлгэж, гүйцэд эмчилнэ

Эмчилгээний үр дүнг барих зорилгоор цистон эмийг 3-6 сар тасралтгүй ууна.

Бусад эмчилгээг эмчийн заавраар хийлгэнэ үү

Одооноос бөөрөө бөндийтөл бөөцийл