Таны хүүхэд анхаарал нь төвлөрч тогтвортой сууж чаддаг уу?

Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг нь хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог бэрхшээл юм. Зарим нь үүнийг давж гарж чаддаг бол зарим хүүхдийн хувьд энэ нь өсвөр нас, насанд хүрсэн үе хүртэл үргэлжилдэг.

Хөвгүүдэд охидоос 2 дахин илүү тохиолддог. ADHD-т нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлахад эхийн жирэмсний хожуу үеийн хордлого, жирэмсэн эхийн тамхидалт, архидалт, гэр бүлд хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй байх, хажуу өрөө хөлсөлж амьдрах зэрэг нь уг эмгэгт хүргэдэг байна.

Илрэх шинж тэмдэг:

Тогтвортой сууж, анхаарч, удаан хугацаагаар ямар нэгэн юм хийж чаддаггүй. Анхаарал төвлөрүүлэх чадвар нь хэвийн хүнийхээс хэд дахин бага гэж ойлгож болох юм.

Мөн энгийн хүүхдүүд сахилгагүйтэх боловч хэсэг хугацаанд аажимдаа гайгүй болчихдог. Харин уг хам шинжтэй хүүхдүүдэд дээрх байдал удаан хугацаагаар үргэлжилж, цэцэрлэг, сургууль, гэртээ үргэлж төвөг учруулж, тэсвэрлэхийн аргагүй яршиг төвөгтэй байдаг.

Энэ шинж тэмдэгтэй хүүхдүүд сургуульд амжилттай сурч чадахгүй, дасан зохицох чадвар муу, нийгмийн харилцаа, ёс зүй, эрүүл мэнд, нойрны асуудалтай байх нь элбэг байдаг. Уг эмгэг нь сургуулийн насны хүүхдүүдийн 10 гаруй хувьд тохиолддог гэнэ.

Ийм хам шинжтэй хүүхэд өөрийнхөө зан чанарыг хянахад маш төвөгтэй байдаг учраас эмийн эмчилгээ болоод зан үйлийн эмчилгээг хийх нь зайлшгүй хэрэгтэй байдаг.

Эцэст нь эцэг, эхчүүддээ зөвлөж хэлэхэд хүүхдээ үргэлж урамшуулж, шийтгэхээс аль болох зайлсхийж, тайван байлгаж, спортоор хичээллүүлж, хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж байгаарай. Танай гэр бүлд аз жаргал хүсье!