Түүхэнд дурьдсанаар
Зуун наст нь 5000 жилийн тэртээгээс эрүүл мэндэд тустай зүйл болгон өргөнөөр ашиглаж ирсэн байдаг. Эртний Египтчүүд анх энэ ургамлыг нээж илрүүлсэн бөгөөд “мөнх наст ургамал” хэмээн нэрлэн хаадуудын шариланд хамт хийн оршуулдаг байжээ.
Түүхэнд дурьдсанаар эртний Грекчүүд зуун настын шүүсийг арьсны загтнаа, шавьжинд хазуулсан шарх, ам буйлны үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэл, толгойн өвдөлт, өтгөн хаталт, шамбарам, үс уналт зэргийг анагаахад ашигладаг байжээ.
МЭӨ 4-р зууны үед Энэтхэгчүүд зуун настыг нууцлаг анагаагч хэмээн нэрлэж арьсны өвчин, үрэвсэл, шарх, түлэгдэлтэнд хэрэглэдэг байсан байна.
Орчин үед зуун настын ашиг тус нь судалгаагаар батлагдаж, танигдсаар байна.
Зуун настын шүүсний эрүүл мэндийн ашиг тус
Зуун настын цэвэр шүүсний найрлагад аминдэм, эрдэс, энзим, амин хүчил, салицилын хүчил, лигнин, сапонин зэрэг 75 гаруй төрлийн бодис агуулагддаг.
Хоол боловсруулах замд: Зуун наст нь ходоодны ханын агчлыг суллаж, цэвэрлэн хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Энэ нь ходоод, гэдэсний цочмог хамшинж, улаан хоолойн сөөргөө эмгэгийн үед ашиг тустай бөгөөд архаг ходоодны шархлааны зовуурийг намдаана. Судалгаагаар ходоодны шархлаа үүсгэгч хеликобактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг үр дүн гарсан байдаг. Мөн гэдэсний хэвийн бичил биетний тэнцвэртэй байдлыг хангахад тусалдаг.
Дархлаа тогтолцоог идэвхижүүлэгч: Олон Улсын Иммунофармакологийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар зуун настын полисахаридууд нь хавдрын эсийн эсрэг үйлдэл бүхий хүний биеийн залгигч эсийг идэвхжүүлдэг хүчтэй үйлчилгээтэй болохыг тогтоосон байна. Германы эрдэмтдийн хийсэн судалгаагаар зуун настын шүүс нь хэт ягаан туяаны хорт нөлөөгөөр үүсгэгддэг арьсан дээрх үрэвслийн эсрэг шинж чанартай болохыг илрүүлсэн байна.
Хоргүйжүүлэгч: Зуун настын шүүсэнд агуулагдах идэвхитэй бодисууд нь бие махбодид хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулдаг болох нь судалгаагаар батлагдсан байдаг. Тэр дундаа гулгамтгай бүтэц нь гэдэсний ханаар шингэж, хорт бодисуудыг бүдүүн гэдсээр дамжуулан хөөж гаргадаг. Мөн зарим судалгаанд зуун настын цэвэр шүүс нь чихрийн шижингийн үед элэг хамгаалах үйлдэлтэй гэсэн үр дүн гарсан байдаг.
Арьсны чийглэг чанарыг хамгаалагч: Зуун настын шүүс нь арьсыг чийгшүүлж, залуужуулах гайхалтай үйлдэлтэй бөгөөд арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэгч коллаген, эластин үүсэлтийг нөхөн сэргээж уян хатан чанарыг хадгалж өгөх ашиг тустай.