Орчин үед өсвөр ба бага насны охидын гадна бэлэг эрхтэн, үтрээний амсрын үрэвслийн шалтгаан, эмчилгээний асуудал чухлаар тавигдсаар байна. Охидын үтрээний үрэвсэл нь охидод тохиолдох өвчний дотор тэргүүн байранд ордог бөгөөд Англи 40,5% Грек ба АНУ-д 61,8% Оросын Холбооны Улсад 60-70% байна. Монголд охидын үтрээний үрэвсэлт өвчний 30-42% нь халдварын гаралтай байгааг онцолсон байна. Ж.Энхцэцэг нар /2007/ охидын бэлэг эрхтэний эмгэгийн дотор 10 хүртэлх насны охидын үтрээний амсрын үрэвсэл 85-90% тохиолдож, үүний 75% нь харшлын гаралтай байна гэжээ.
3-10 нас хүртэлх бага насны охидын үтрээний үрэвсэлээр өвчлөх урьдал нөхцөл нь амьсгал, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, гэдэсний халдвар, антибиотикийн замбараагүй хэрэглээ, биеийн дархлаа сулрах зэргийн үед нөхцөлд эмгэгтөрөгч нянгууд идэвхижих явдал юм.
Харин 10-18 нас хүртэлх өсвөр насны охидод бөөр ,давсагны өвчлөл , бэлгийн замын өвчлөл , энгийн хомхойн вирүсийн халдвар нь үтрээний үрэвсэл үүсгэх шалтгаан болж байна.
2014 онд хийгдсэн Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн өсвөр үе -охидын кабинетэд хандсан 3-11 нас хүртэлх 56 охидын дунд хийгдсэн судалгаанаас үзэхэд
- 32,6% охид нь халдвар харшлын гаралтай үтрээний үрэвсэлтэй
- 29.4% охид нь нянгийн шалтгаант үтрээний үрэвсэлтэй
- 37.8% охид нь гүйлсэн булчирхайн эмгэг, цагаан хорхойтох эмгэг, бөөр давсагны эмгэг, харшлын эмгэг зэрэгтэй хавсарсан үтрээний үрэвсэлтэй байв.
Охидын үтрээний үрэвсэл үүсгэсэн шалтгааны тодруулав.
- Охидын ихэнхи ээж, аав, эмээ гээд гэр бүлийн насанд хүрсэн хүмүүстэй хамт унтдаг . Эндээс гэр бүлийн амьдралын буруу хэв маягаас болж, хүүхдэд халдвар дамжиж байгаа нь харагдаж байна.
- Охидын дунд анхны үзлэгээр 43,5%-д гадна бэлэг эрхтний ариун цэвэр хангалтгүй байсан. Иймээс бэлгийн ариун цэвэр бага сахидагтай холбоотойгоор үтрээний амсар, үтрээнд нянгийн шалтгаант үрэвсэл үүсэх нөхцөл бүрэлдэж байна.
- Гүйлсэн булчирхайн эмгэг, цагаан хорхойтох эмгэг, бөөр давсагны эмгэг, харшлын эмгэг зэргийг дутуу эмчилснээс хүүхдийн үтрээний орчин алдагдаж, зарим тохиолдолд тухайн өвчнийг үүсгэгч нян цусаар болон үтрээний амсраар дамжин орж, үтрээний үрэвслийг үүсгэж байна.
Охидод үтрээний үрэвсэл үүссэн үед илрэх зовиур:
- Харшлын гаралтай үтрээний үрэвслийн үед охидод, гуяны дотор тал, өгзөг, умдаг хэсгээр улайж, хорсох , тууралт гарах , маажсанаас зулгаралт үүсэх зэрэг шинж тэмдэг илэрнэ
- Нянгийн шалтгаант үтрээний үрэвслийн үед эвгүй үнэртэй, үнэргүй идээрхэг ялгадас их хэмжээгээр гарах шинж давамгайлна. Эхэн үедээ ихэвчлэн цагаан өнгөтэй, үнэр багатай байж байгаад нянгийн үржил ихэсэхэд үнэр нь ихэсэж, цагаан юмны өнгө шаргал, шар , ногоон болж өөрчлөгдөнө.
Охидын үтрээний үрэвслийн эмчилгээ:
Үтрээний мазокын шинжилгээг авна. Охидын эмчийн үзлэгээр орж, шалтгааныг тодруулна
Харшил,цагаан хорхойн эмгэг, бөөр, давсагны үрэвсэл хавсарсан тохиолдолд тухайн эмгэгийг эмчилж, үтрээний үрэвслийг дарах, мөөгөнцрийн эсрэг, дархлаа дэмжих зорилгоор В-гелийг эмчийн заавраар хэрэглэнэ. Үтрээний амсрын үрэвсэл, үтрээний үрэвсэл нь 5-10% дахих магадлалтай байдаг тул бэлгийн ариун цэврийг сайтар сахиулж, 2-3 хоногт 1 удаа бэлэг эрхтнийг бүлээн усаар угаана , саван хэрэглэхгүйг анхаараарай. Мөн тусад нь ор засаж, хүүхдийг ганцаараа унтуулж сургах хэрэгтэй. Мөн дулаан хувцаслаж, дороос нь дааруулахгүй байх , хоолой, шүдний өвчинг бүрэн гүйцэд эмчилж, биед архаг халдварын голомт байлгүй байхад анхаарна. Хүүхдийн дархлааг дэмжих 10 гаруй төрлийн эмийн ургамлын септилин сироп 5мл өдөрт 3 удаа хоолны дараа 3 сар өгнө.
Нийтлэл бичсэн : Б.Даваацэрэн Хүний их эмч
Эх сурвалж: Энхцэцэг .Ж "Охидын үтрээний үрэвсэл эмчилгээний асуудалд " Эрдэм шинжилгээний илтгэл 2007 он
М.Цэвээн Д.Даваасүрэн Охидын үтрээний амсрын үрэвслийн шалтгаан, эмнэлзүйн онцлог 2014 он