Хүүхдийн дархлааг дэмжих энгийн мөртлөө үр дүнтэй 10 арга

Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед хүүхдийнхээ дархлааг дараах аргаар дэмжээрэй. Хүүхдийн дархлаа эрүүл байвал хүүхэд өвдөх нь ховор байдаг. 

1. Хүүхдийг орчинтой нь танилцах боломжоор хангах

Хүүхдийн дархлаа төрсөн цагаасаа эхлээд хөгждөг. Хүүхэд эхээс төрөөд том болтлоо олон төрлийн гаднын бактери, үүсгэгчийг таньснаар дархлаа нь тогтдог. Шороон дээр тоглуулж, хөл нүцгэн явуулж байна гэдэг бол гаднын олон тооны эх үүсвэрийг биедээ таниулаад дархлааг нь тогтоочхож байгаа юм. Үүний үр дүнд тухайн хүүхэд аар, саар зүйлд өртөөд, өвчлөөд байхгүй болно гэсэн үг. Юу нь хортой, юу нь хоргүй гэдгийг тухайн хүүхдийн дархлаа таньчихдаг гэсэн үг. Хэт бэгнэж өсгөсөн хүүхэд харшилтай болох магадлал өндөр. Харшлыг цэвэрч байдлын өвчин ч гэж нэрлэдэг шүү дээ. Дархлаа нь таниагүй үүсгэгч биед ороод ирэхээр өөрийгөө гэмтээгээд харшил бий болоод байгаа юм. Европт хийсэн судалгаагаар амьтны фермд өссөн хүүхдүүд хотынхноос харшлаар өвчлөх магадлал бага байдаг нь тогтоогдсон байдаг.

2. Хүүхдийн биед шаардлагатай ВИТАМИН Д тогтмол зохих тунгаар уулгах

Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг. Хүүхдийн нас, кг жингээс хамаараад уух тун нь харилцан адилгүй байдгийг бас анхаарч уулгаж байх шаардлагатай.

3. Витамин С баялаг жимсний шүүсийг өдөрт 200-250мл уулгах

Витамин С нь хүний бие организмыг хавдар үүсэх эрсдлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ. Хүүхдэд аль болох витамин С агууламж өндөр агуулсан, аньс, чацарганы жүүсийг өдөрт 3 удаа хоолны дараа өгч, дархлааг дэмжээрэй.

4. Хүүхдийн биед цэгэн иллэг өдөр бүр хийх

Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд нян, вирүсийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсч, дархлааг идэвхижүүлдэг. Цэгэн иллэгийг хийхдээ дараах цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлнэ. Өдөрт хамгийн багадаа 3-6 удаа хийгээрэй.

1.Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг

2 Хамрын угалзны гадна хэсэг

3.Доод уруулын хонхор

4.Төвөнхийн хоёр талд

5.Эгэмний дээд хонхор

6.Эрхий, долоовор хурууны дунд

7.Чихний арын төвгөр хөхлөг ургацаг

8.Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад.

5. Амралтын өдрүүдэд хүүхдийг гангатай усанд оруулах эсвэл хар цайтай усанд оруулах

Хүүхдийг гангатай эсвэл хар цайнд оруулахад хүүхдийн биеийн чангарсан булчин суларч, мэдрэлийн ядаргаа тайлагдаж, хүүхдийн биеийн цусан хангамжийг сайжруулах, дархлаа дэмжих нөлөөтэй байдаг . Хүүхдийн усанд ороод дууссаны дараа сүүлний өөхөн тосоор биеийн иллэг хийж өгөөд , дулаанхан унтуулахад хүүхдийн бие маш сайхан амардаг.

6. Хүүхдийн хоолойг өглөө бүр содтой усаар зайлуулж, сургах

Өглөө бүр хүүхэд шүдээ угааж, дууссаны дараа содтой ус эсвэл давстай усаар зайлуулж, хоолой залгиурын орчинг халдваргүйжүүлж, ханиад томуунаас сэргийлж болно. Энгийн мөртлөө хүүхдийг ханиад томуунаас сэргийлэх маш үр дүнтэй аргын нэгд тооцогддог.

7. Хүүхдийн өдөр бүр 45-60 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах

Хүүхэд гэдэг бяцхан үр үргэлж хөдөлгөөнтэй, эрчимтэй байдаг боловч сүүлийн жилүүдэд хүүхдийн дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд нэг байрлалд удаан суух, хэвтэх нь элбэг болж, хүүхдийн дунд таргалалт эрс ихэсэж байна. Иймээс хүүхдээ өдөр бүр заавал 45-60 минут гадаа тоглуулах, салхинд гаргах, хөгжилтэй бүжиг хамт хийх, гүйж тоглох зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

8. Хүүхдийн биеийн жинг сар бүр тогтмол үзэж, хэвийн нэмэх жингээс илүүдэл жин байгаа эсэхийг заавал шалгах

Хүүхдийн жингийн илүүдэл таргалалт нь хүүхдийн хооллолттой шууд холбоотой байдаг. Эцэг эх нь таргалалттай байвал хүүхэд таргалах магадлал 30-40% болтлоо өсдөг. Иймээс гэр бүлээрээ зөв хооллож, чихрийн хэрэглээ багасгаж байж хүүхдийн илүүдэл жинг бууруулах боломжтой. Мөн таргалалттай хүүхэд нь аливаа өвчнөөр өвдөх элбэг бөгөөд эдгэрэхдээ их хугацаа шаарддаг.

9. Хүүхдийн өөрийн дархлааг хөгжүүлэх эмийн ургамлын ханд болох СЕПТИЛИН өдөр бүр уулгах

Септилин нь хүний өөрийн дархлааны эсүүдийг идэвхижүүлж, дархлааны эсүүдээс нян, вирүсийг устгах интерферон гэх биологийн идэвхит бодисыг ялгаралтыг нэмэгдүүлдэг учир хүүхдийн хөгжиж яваа дархлааг өөрөө хөгжих боломжоор хангаж, дархлаа залхуурал үүсгэхгүй гэдгээрээ их онцлогтой. Септилины найрлаганд чихэр өвс, гүгэл, лидэр, жүр үр , зүрхэн ягаандай, эрдэс ихээр агуулсан хясааны нунтаг орсон байдаг цэвэр эмийн ургамлын бэлдмэл юм. Хүүхдэд шингэн хэлбэр нь илүү тохиромжтой 5мл өдөрт 3 удаа хоолны дараа уулгаж 3-6 сар хэрэглэнэ .

10. Хүүхдэд хоолойн мах буюу ангини өвчин байгаа эсэхийг оношилж, бүрэн эмчлэх

Хүүхдийн гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнийг үүсгэгч стафилококк, стрептококк нянгийн хор нь үргэлж цус луу орох учраас хүүхдийн биеийн ерөнхий дархлаа байнга ажиллаж, сүүлдээ дархлааны хямрал үүсгэх нэг шалтгаан болно . Иймээс хэрэв таны хүүхдийн хоолой өвддөг бол заавал гүйлсэн булчирхайн томрол хэр зэрэг байна, түүнийг мэс заслаар авах эсэх, бүрэн гүйцэд хэрхэн эмчлэх талаар чих хамар хоолойн эмчтэй ярилцаад , бүрэн гүйцэд эмчилгээг хийлгээрэй.

 

Зөвлөгөө бичсэн : Б.Даваацэрэн хүний их эмч