Танд дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илрээд яваад байгаа юм биш биз? Тэгвэл та ковидоор өвчилсөн байхыг үгүйсгэхгүй. Ковид-19 вирусын халдвараар өвдөхөд бүх эрхтэн тогтолцоо өвчлөх боломжтой. Ковид-19 вирус нь хүний эд эрхтэнд байрлах ангиотензин-2 гэх рецептортой холбогдон өвчлөл үүсгэдэг. Тиймээс тархи, зүрх, бөөр, уушиг, ходоод гэдэс, элэг, нойр булчирхай зэрэг эрхтэнгүүдийг түгээмэл гэмтээж байна. Үүнээс шалтгаалж эдгээр эрхтэнгүүд өвчилсөн шинж тэмдгүүд үүсдэг.
Ковид-19 вирусээр өвчлөхөд илрэх шинж тэмдэг харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал:
1. Амьсгалын замын шинж тэмдгүүд дангаар илрэх /нус гоожих, ханиах, найтаах, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх/
2. Хоол боловсруулах замын шинж тэмдгүүд дангаар илрэх /дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх/
3. Амьсгалын замын болон хоол боловсруулах шинж тэмдгүүд хавсарч илрэх байдлаар өвчилж байна.
Хоол боловсруулах замын хямрал дангаар үүссэн тохиолдолд ард иргэд маань хоолны хордлого болон бусад ходоод гэдэсний хямралтай андуурах тохиолдол нилээнгүй байгаа юм.
Суулгалт гэж юу вэ?
Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой суулгахыг хэлнэ. Шингээгүй хоолны үлдэгдэл, залхаг, цус зэргийг эмгэг хольц гэнэ.
Суулгалт болон бөөлжилтийн үед биеэс шингэн ихээр алддаг учир даруй арга хэмжээ авч эмчлэх хэрэгтэй. Энэ үед гэдэсний үрэвсэл намдаах, аргаах буюу баасыг өтгөрүүлэх, хордлого тайлах, гэдэсний базлалт өвдөлтийг намдаах, гэдэсний салстыг нөхөн төлжүүлэх, гэдсэнд өнгөр тогтоох үйлдэлтэй эм хэрэглэх шаардлагатай. Эмийн бэлдмэлээс гадна шингэн сэлбэх давсны уусмал буюу хорсолыг уух шаардлагатай. Мөн гэдэсний орчинг тэнцвэртэй болгох ашигтай бактер хэрэглэх нь зөв юм.
Шингэн алдалтын шинж тэмдэг
Хүүхэд:
-Суулгалт хүндрэх тусам хүүхдийн орчны сонирхол муудаж унжгар болдог.
-Нүд хонхойх
-Зулай хонхойх
-Хүүхдийн уруул омголтсон, хэл ам хуурай
-Хэвлий хэсгийн арьсыг зөөлөн чимхээд үзээрэй. Шингэн алдаагүй бол арьсыг чимхээд тавихад 2 секундын дотор тэнийхгүй байх
-Баасанд нь цус болон цусны судал илрэх
-Хүүхэд 4-6 цаг шээхгүй байх
Насанд хүрэгчид 6-8 цаг шээхгүй байвал аюултай. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд та яаралтай эмчид хандаарай.